Monday, November 14, 2011

Уран Цэрэв

Доорх мэдээллийг бичихэд нагац ах Д.Будын бичиж үлдээсэн угийн бичгийг ашиглав. 

    
      Ээжийн талаас бид Уранцэрэвийн удам угсаа билээ.  Ээжийн минь элэнц эцэг/аавынх нь өвөг эцэг/  Уранцэрэв гэдэг нутаг усандаа нэртэй гарын ур дүйтэй хүн байжээ.   Өвөг эцгийн ойрын ах дүү нар нь Майнажав, Хувцагаан, Оготор Чимэд, Цэвээн нар юмаа. 

Уранцэрэв нь Жүгдэр, Дүгэр, Сумъяа, Дүнжидбал, Найдан гэсэн 5 хүүхдийн эцэг:
            Жүгдэр нь гэр бүл нэг бандийн хамт Хөнжлийн уулын ар өврөөр нутагладаг. Алба хашиж яваагүй жирийн малчин хар хүн байв. Банди Амраадаа нь Хөнжлийн далай хийдэд суудаг байжээ.  
           Дүгэр нь ээжийн минь өвөг эцэг бөгөөд хань гэр бүл авч бие даасан айл болсон үеэс эхлэн мал маллаж үр хүүхдээ өсгөж хүн болгохдоо янз бүрийн бэрхшээлийг давж малаа 500-д хүргэж өнөр гэр бүл болсон юм. 1932 онд хүнд өвчний улмаас зуурдаар  өөд болжээ.  Дүгэр дунд зэргийн биетэй, монхордуу хамартай, нүүрэндээ бага зэргийн атираа суусан төлөв даруу зантай үг яриа цөөнтэй шударга хүн байжээ.Монгол бичиг сайн мэддэг, хүүхдүүдээ 32 модон хүний үлгэр домгийг шар даавуун хавтастай муутуу цаасан дээр бичсэн номоос уншиж өгдөг байж. Гол төлөв улаан залаатай, дээрээ эрдэнийн чулуутай жинсэн малгай, хятад чисчүү дээл, хүрэн угалзтай гутал өмсдөг хүн байсан бөгөөд хошуу тамгийн газар ажилладаг, нутгийн иргэд түүнийг "Дүгэр Бошигт" гэдэг байжээ.
         Дүгэр Үсгээгийн Балжидтай 1908 оны үед гэр бүл болж 1909 онд анхны охин Нямааг төрүүлж, 1932 он хүртэлх хугацаанд нийт 9 хүүхдийн эх эцэг болцгоосон ажээ.  Энэ онд Дүгэр өөд болж, Балжид олон нялх балчир хүүхдийн хамт өнчрөл хагацал үзэж, үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж байгаад 1943 онд 54 настайдаа бурхан болжээ. Энэ хүн үйлэнд уран үгэнд цэцэн олондоо нэртэй, ажилсаг монгол эмэгтэй байв.

         Ү.Балжидын ойрын төрөл садангууд: Цэвээн тайж, Цэвээний Бадамхорол, Бадамхорлын Дулам; Харцага тайж, Харцагийн Бумдарь, Харцагын Хорол, Харцагын Цэеэ, Хорлын Хургаа, Хоролын Долгор, Хоролын Ишгээ

         Сумъяа нь хоёр хүүхэд төрүүлсэн. Охин Жагварал нь хүүхэд төрүүлээгүй. Дүгэрийн хүүхэд Давааг өргөж авсан. Хүү Гончигийн төрсөн охин Буджав хоёр хүүхэдтэй байжээ. 

          Дүнжидбал нь хань гэр бүлгүй, уншлага ном үгүй, лам нэртэй ухаан мэдрэлээр дутмаг хүн байв. Өвчний учир 1936 онд насан өөд болов.

          Найдан нь хүүхэд бага наснаасаа Довын хийдэд лам болж суусан. Ном сайн мэддэг лам байжээ. 1936 онд эсэргүү лам гэж баривчлагдаж яваад ирээгүй.

0 comments:

Post a Comment