Monday, November 14, 2011

Ургийн бичиг


Эх сурвалж: http://serdaram.origo.mn/content/view/37/28/

Image

       Бидэнд өнөөдөр бахархал болж үлдсэн хоёрхон тулгуур байна. Нэг нь бүр 800 жилийн өмнө амьдарч байсан Их хаан Чингис, түүний байгуулсан Монгол гүрний гайхамшигт түүх. Хоёрдох нь хэдэн мянган жилийн турш ерөөсөө нэг саяд хүрч байгаагүй бидний нүүдэлчин өвөг дээдсийг уусгаагүй,  “цэвэр” хэвээр нь хадгалсаар ирсэн ургийн бичиг юм.  Үүнийг батлах зүйл нь бүр XIII зууны үеэд “Монголын бүх овог аймаг яруу тодорхой удам угсааны модтой /түүхтэй/. Учир нь Монголчуудын заншил нь өвөг дээдсийнхээ удам угсааг  залган сахиж, төрсөн хүүхэд бүрдээ удам угсаагаа зааж сургадаг. Тийнхүү тэд удам угсааны тухай үгийг хүмүүсийн хүртээл болгодог учраас тэдний дунд яс угсаа, овог аймгаа мэдэхгүй хүн нэг ч байхгүй” гэж Рашид-ад-Дин бахархан бичсэн байдаг. 

     Харин яг тэр үеэс одоог хүртэл хөтлөгдөн ирсэн ургийн бичгүүд хадгалагдан үлдсэнгүй, түүний хуулбаруудыг 1725 онд Манжийн хаан Энх-Амгалан Монголын бүх тайж язгууртай хүмүүсийн ургийн бичгийг Бээжинд хэвлүүлнэ гэдэг нэрийдлээр хураан аваад шатаачихжээ.  Үүний дараа дахин шинээр ургийн бичгүүдийг хөтлүүлсэн ч зэрэг хэргэм, хөрөнгө мөнгө залгамжлуулах гол баримт бичиг гэдэг утгатай болгосон юм. Эдгээр олон ургийн бичгүүдийг нягтлан үзвэл түүхчлэн бичих, хүснэгтлэн зурах гэсэн хоёр аргатай байна. Хүснэгтлэн зурахдаа шулуун шугам, модны цагираг, модны мөчир мэт салбарлуулах гэсэн гурван аргаар бичигддэг байв. Эдгээрээс 1905 онд хийгдсэн Цэцэн хан Шолойн ургийн бичигт 1577-1905 он хүртэлх 328 жилийн дотор төрсөн 11966 хүний нэрийг 5,3 м голчтой даавуун дээр цагираглуулан бичсэн нь түүхэнд үлдсэн хамгийн том ургийн бичиг болжээ. 

     Ургийн бичигт олон үеийг бичих боломжтойг ч, голдуу 11, 13 үеийг л бичиж үе дотроо гэрлэхийг хатуу хориглодог байв. Учир нь “Удам холдвол ухаан сайжирна”  “Манцуйтай байхдаа манайх байлаа Магнагаа өмсөхөөр хүнийх болдог” гэж ярилцан хүү, охидоо багад нь ураг хол, угсаа нэг овгуудтай сүй бэлэг тавилцан худ ураг болдог байв. Ураг дотроо эр-эм бололцож гэм алдснаа Их хаан Өгээдэй ч хүлээн зөвшөөрч онцгойлон гэмшиж байсан нь ердийн зүйл биш ажээ. 

Image

         “Хусавч үл арилах эцгийн ясан төрөл, Шавхавч үл ширгэх эхийн цусан төрөл” хэмээн бэлэгдэн ярилцдаг монголчууд авга, нагацын ураг төрлөө 12 үеэ (Холбоо-Хуланц өвөг-Хуланц-Элэнц өвөг-Элэнц-Өндөр өвөг-Өвөг эцэг-Эцэг-Би-Хүү-Ач(Зээ)-Гуч(Зээлэх төрөл)-Жич(Зээнцэр)-Ачинчар-Гучинчар-Жичэнцэр-Жилүүхүй) мэдэж 13 дахь үедээ яс хагалах гэдэг ёс үйлддэг байсны учир нь “Эмэгтэй хүний улаан шингэн, эрэгтэй хүний цагаан шингэнтэй сүлэлдэн хүн бий болдог. Иймээс эхийн тал нь хүний мах, цусыг бүрдүүлдэг, Эцгийн тал нь ясыг нь бүрдүүлдэг тул эхийн үе 5 дахь үедээ, Эцгийн үе 9, 11 дэх үеүүддээ мултрана”,   “Ээжийн бүх ах дүүс, тэдний дараагийн үеүдийг Нагац-Нагацлах төрөл, Эцгийн талын бүх ах дүүс, тэдний дараагийн үеүдийг Үеэл-Хаяал, Эгч дүү эмэгтэйчүүдийн хүүхдүүд, тэдний дараагийн үеүдийг Бөл-Бөлөнцөр-Бөлөөлөн” хэмээн ярилцдаг бичигдээгүй хэв хууль өнөөг хүртэл хадгалагдан ирсэн.

0 comments:

Post a Comment