Thursday, November 3, 2011

Цэцэн Сартуул овог

Сартуул:
     Нууц товчоонд Лалын Сартуул улстай дайтсан тухай өгүүлдэг. Тангуд хавьцаа сартуул иргэн гэж байсан бололтой. Гэхдээ энэ нь тусгаар улс юм. 

        Түүхийн эх сурвалжаас үзэхэд Сартуулууд нь эзэн Чингис хаан болон хаан хөвгүүд нь төр барьж байх үед дундад Азиас одоогийн Узбекстан, Афганистан, Тажикстаны нутгаас олноор нүүлгэн авчирч суурьшуулсан уран дархчуудын үр удам бололтой.  Улмаар сартуулууд монголжиж нэгэн овог нь болсон ажээ. Монголыг хан-гууд захирч байх үед сартуул нь Засагт хан аймгийн Цэцэн сартуул гүний хошуу болсон байна. 

        Монгол угсаатны зүйн нэрт судлаач, төрийн соёрхолт эрдэмтэн Х.Нямбуугийн “Монголын угсаатны зүйн удиртгал” номын 1-р хүснэгтэд 1956,1963,1969,1979 оны тооллогоор тэр үеийн БНМАУ-ын хүн амд 75-0,01 хүртэл хувь эзлэх ястнуудыг жагсаасан боловч Сартуул гэсэн нэр байдаггүй.   Энэ нь сартуулууд нь халхжиж, Халх Сартуул гэж нэрлэгдэх болсныг харуулж байгаа юм.


Цэцэн сартуул
         XIV зууны хоёр дугаар хагас буюу Их Монгол улсын үед Зүүн Монголыг “Дөчин түмэн”, Баруун Монгол \Ойрад\-ыг “Дөрвөн түмэн” хэмээн хоёуланг нь хураангуйлан “Дөчин дөрвийн хоёр” гэж нэрлэж байжээ. Харин Юань улс мөхсөний дараа Зүүн Монголыг  “Зургаан түмэн” буюу “Зургаан их улс”, Баруун Монголыг урьдын адил “Дөрвөн түмэн” буюу “Дөрвөн Ойрад” хэмээн нэрлэж тэр хоёрыг нэгтгэн зарим сурвалжид “Арван түмэн” хэмээн тэмдэглэсэн нь буй.                        

      Батмөнх Даян хаан \1474-1517\-ы үед “Зургаан түмэн” дотроо Зүүн 3, Баруун 3 түмэн гэж хуваагдаж, баруун түмнийг “Жонон” хэмээх хунтайж захирч байв. Батмөнх Даян хаан өөрийн улсыг “Зургаан түмэн” болгон хуваасны нэг нь  “Халх түмэн” болой. Халх түмэн 12 омог буюу нутгаас бүрдсэн учир “Аглагийн 12 хүрээ халх”, “Арван хоёр хутаг халх”, “Арван хоёр омог халх” хэмээн нэрлэж байжээ. Батмөнх даян хаан газар нутгаа хөвгүүддээ хуваан өгөхөд “Халх түмний” 12 омгийн өмнөд 5 омог нь тавдугаар хүү Алгиболоод, арын 7 омог нь отгон хүү Гэрсэнз нарын мэдэлд тус тус очжээ.

         Энэ үеээс эхлэн Ар халх, Өвөр халх хэмээн нэрлэх болсон ажгуу. Халх түмнийг “Халдах дайсны халх болсон. Харвах сумны бамбай болсон. “Халх түмэн” гэж “Зургаан түмэн” монголын магтаалд алдаршуулжээ. Ар долоон омогт Жалайр, Бэсүд, Илжгэн \Эрчигэн\, Горлос \Хорлос\, Хүхүйд, Хатагин, Урианхай зэрэг халх түмний хуучин гурван отгоос гадна 16-р зуунаас хойш түүхийн янз бүрийн шалтгаанаар тус нутагт сэлгэн суурьшиж халхажсан Тангад, Сартуул, Хэргүүд \Хэрээд\, ба Үнэгэд, Хүрээ, Хороо, Цоохор мэт шинээр буй болсон отгууд хамаарах болжээ.                        

        Гэрээслэл ёсоор Гэрсэнз Жалайр хунтайж \1513-1549\-ийн их хатан Хатангуа 7 хүүдээ арын 7 омгийг захируулснаар халхын “Долоон хошуу” үүсжээ. Долоон хошууг баруу, зүүн хоёр гар болгож, баруун гарыг ууган хүү Ашхай, зүүн гарыг гутгаар хүү Онохуй Үйзэн нар захирч байв. Баруун гар нь Ноёдай Хатанбаатар, Далдан Хөндлөн, Саму-Буйма, Ашихай нарын эзэмшилд хамрагдаж  Алтай, Хангай нурууны хоорондох нутаг, Зүүн гар нь Онохуй Үйзэн, Аминдурал, Дарь тайж нарын эзэмшилд харагдаж Хангайн нурунаас халх гол хүртлэх нутаг тус тус хамрагдаж байв.               

        16-17-р зууны заагт Гэрсэнзийн угсааны ноёдоос “Очирбат тулгар түшээт хан”, “Махасамиди гэгээн Сэцэн хан”, “Эрдэнэ бишрэлт засагт хан” нар тодрон гарснаар Халхыг гурав хуваан захирав. Ийнхүү Ашихай дарханы эзэмшлээс Засагт хан, Онохуй Үйзэний эзэмшлээс Түшээт хан, Аминдуралын эзэмшлээс Сэцэн ханы нутаг дэвсгэр тус тус бүрэлдэн тогтож 
Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан гэсэн халхын гурван аймаг үүсэн гарсан ажээ.   



       Цэцэн сартуул нь хуучнаар Засагтхан аймгийн нэг хошуу байсан бөгөөд одоогийн Завхан аймгийн Түдэвтэй, Цэцэн-Уул, Сонгино, Яруу, Сантмаргац, Завханмандал, Эрдэнэ-хайрхан, Алдархаан, Ургамал, Дөрвөлжин, Увс аймгийн Завхан, Ховд аймгийн Чандмань зэрэг сумд түүнд багтаж байсан байна.          


    Сартуул овогтнууд эртнээс үнэнч хичээнгүй, цэцэн саруулаараа алдартай хүмүүс байжээ. Цэцэн Сартуул гүнтэй холбоотой дараах домог байдаг. Халх монголыг гурван хан бүхий засаг захиргааны нэгжид хуваахад Сартуул ноёнд том нутаг өгч болохгүй хэмээн манжууд хэлцэж гэнэ.  Ноёд хошуудын нутгаа хувааж авахдаа хонины махны хэсгээр жишсэн юм гэнэ. Тэгэхэд Элжигэн ноён нуруу сээрийг авна гэхэд Сартуул ноён би хонины өвчүү хэлбэртэй газар буюу гурван бор толгой л авья гэсэн юм гэнэлээ. Цаадуул нь тэр чинь ямар гурван толгой билээ гэхэд сар толгой, алдар толгой, цэцэн толгой гурав хэмээн хариулсан гэдэг. Манжууд сонсож дуулаагүй нэр болохоор нь зөвшөөрчихөж. Гэтэл тэр нь дөрвөлжин сумын баруун үзүүрт байрлах сар толгой буюу сар хайрхан, алдархаан сумын нутаг дахь алдар толгой, цэцэн уул сумын нутаг дахь цэцэн толгой гурав байжээ. Энэ гурван толгойн дундах нутаг нь одоогийн 5, 6 сумыг нийлүүлсэн том нутгийг хамарч байжээ.


      Сартуул нутаг нь хонины өвчүүний хэлбэртэй ба Сонгино  хайрхан, Шотой, Шар нуруу, Хавцгайт, Алаг, Аргалант, Таван лам, Цогт хайрхан, Их буурал, Тасын суудал, Хомын тал, Завханы ба Монголын үргэлжилсэн их элсэн манхан, Хунт холбоо, Хар нуур, Баяннуур, Айраг, Цавдан нуурууд, Завхан, Хүнгий зэрэг том гол багтсан хангай, говь хосолсон Хангай, Алтайн их нурууны завсарт, Хан хөхийн хормой, Булнайн нурууг түшсэн өргөн их нутагтай  билээ.


Сартуул Цэцэн Ван Жалцангомбоцэдэн
/Дууль/

Цаг, цагийн ноёд цадиг, шашдирт үлддэг
Цасан цасны ширхэг цэцэг цэцэгт шингэдэг.
Буурал, буурал дээдэс буян буянд үлддэг.
Бутан бүртэн хорвоо бодол бодолд явдаг.
Замилан, замилан нартад Засагт хан аймаг-
Займан, займан уртад Цэцэн Сартуул хошуу-
Хошуу, хошуу ноёдоос Цэцэн, Цэцэн ван
Холдуу, холдуу олноос Жалцангомбоцэдэн минь!
Од, одны тохиолоор орчлон орчин дэнсэлсэн
Оноо, онооны тавилаар олон, олон донсолсон
Шуурган, шуурган жилүүдийн үйлийг үүрсэн ноён минь
Шуугин шаагин үерлэх үхлийг хаасан ноён минь,


Түм, түмэн Сартуулаа үртэй, нартай нь үлдээх гэж
Түшиг, түшиг оюунаа суманд өргөсөн ноён минь
Эгэл, эгэл Халхыгаа мөртэй, нэртэй нь аврах гэж
Эрдэнэ, эрдэнэ амиа буунд орхисон эзэн минь
Манж, манжийн өмнө бодлоо алдаагүй ноён минь
Манан, манан нөмрөхөд босоо ч сөхрөөгүй эзэн минь
Тусгаар, тусгаар төрийн сүлдээ алдаагүй ноён минь
Тунхаг, тунхаг үеийн илдээ өгөөгүй эзэн минь
Амь, амиа дутаах аюул, аюул нүүрлэхэд
Ард минь, ард минь гэсээр амь тасарсан ноён минь
Түмэн, түмнээ мөхөөх түймэр, түймэр дүрэлзэхэд
Төр минь, төр минь гэсээр түүх бөхөлсөн носн минь
Хойч хойчийн замыг зуун, зуунаар харсан
Холын, холын ухаантай цэцэн, цэцэн ван минь
Уул, уулын заяаг уйлан хайлан өмгөөлсөн
Уужим уужим бодолтой Сартуул цэцэн ноён минь
Мянга, мянган маанийн хүрдэнд эргэсэн бурхан минь
Мөнх, мөнх дээдийн хойморт заларсан дагшин минь
Эзэн, эзэн Богдын зэрэгтэй, хэргэмтэй Цэцэн минь
Эргэн, эргэн төрөхийн заяатай буянтай Ван минь.


         Сартуул гэсэн нэрийн үүслийг Сарт Уул буюу Сар хайрхантай холбож тайлбарлах явдал бас байдаг.  Эрдэмтэн Х.Нямбуу “Далдан хөндлөн /Гэсэнз хүн тайжийн гуравдугаар хөвгүүн/-гийн өмчлөн авсан Сартуул, Тангад хоёр отгийнхноос “Цэцэн Сартуул” хэмээх нэгэн хошуу үүссэн нь Сартай уулыг тойрон нутаглажээ" гэсэн байдаг. Энэхүү Сар хайрхан нь эртнээс тахилгатай байсан, тал дундах жижигхэн толгой бөгөөд их нууруудын хотгорт байрлах энэ толгой дээрээс мөнх цаст сутай хайрхан, жаргалант хайрхан, хан хөхий зэрэг алтай хангайн сүрлэг уул, нурууд хөхрөн харагдаж, хар ус нуурын толин мандал цэнхэртэн эргэн тойрны 100-аад км газар нүдэнд ил харагддаг юм. Мөн 1995 онд шинэ цагийн анхны даншиг наадмыг энд зохион байгуулжээ.    
    

0 comments:

Post a Comment