Monday, January 16, 2012

Долоон бурхан од

          Монголчууд эрт дээр үеэс оддын орд дотроос долоон бурхан одыг хамгийн ихээр шүтэж, эрхэмлэн дээдэлж иржээ.  Долоон бурхан од умар зүгийг зааж намар өвлийн улиралд тэнгэрийн хойд хэсэгт нилээд доогуур, хавар зуны улиралд чанх орой дээр шахуу харагдана.


Бөөгийн ёсонд 7 бурхан оддыг 7 өвгөн гэж хүндлэн, дараах байдлаар нэрлэдэг. 
                1. Аврал ерөөлийн эзэн тэнгэр өвгөн
                2. Аз хийморийн эзэн тэнгэр өвгөн
                3. Ачлал тусын эзэн тэнгэр өвгөн
                4. Нас аривжихын эзэн тэнгэр өвгөн
                5. Буян хишгийн эзэн тэнгэр өвгөн
                6. Хүсэл зоригийн эзэн тэнгэр өвгөн
                7. Заяа төөргийн эзэн тэнгэр өвгөн

 Бидний өвөг дээдэс
       "Харсан тэнгэр 7 өвгөн
        Хамгийн тэтгэгч атаа 5 тэнгэр
        Дорд лусын 8 аймаг авралдаа багтааж хайрла
        Ач тусаа үзүүлж хайрла" 
     
     хэмээн од эрхэсээ шүтэж, онгод шүтээнээ дуудаж 7 өвгөн одондоо мөргөж залбирдаг байжээ. 

      Монголчууд 7 бурханы од бүхэнд бурхан харгалзуулж, өөрийн жилдээ харгалзах одыг шүтэн мөргөж, амь нас эрүүл мэнд, бүхий л зүйлсээ даатган, цайныхаа дээжийг өргөж ирсэн уламжлалтай. 


7. Жиргэлэх гэрэл - Манал бурхан байрласан, морь жилтэн шүтэх од
6. Нэхэх арга - Санжай-Одсүрэн/Шашны суртлаар бол Бурхан багшийн өмнөх үеийн дүр, сайн цагийн 1000 бурхны 3 дахь нь бөгөөд түүнийг Шагж тивээс анх шашныг дэлгэрүүлсэн гэдэг/ бурхан  байрласан, могой, хонь жилтэн шүтэх од
5. Тэнгэрийн бэрээ - Шагжтүв  бурхан  байрласан, бич, луу жилтэн шүтэх од
4. Тэнгэрийн эрх - Жүгдэржав бурхан байрласан, үхэр, гахай жилтэн шүтэх од
3.Тэнгэрийн шил - Танжив бурхан байрласан, бар, нохой жилтэн шүтэх од
2. Тэнгэрийн хас - Хорвоожинг бурхан байрласан, туулай, тахиа жилтэн шүтэх од
1. Тэнгэрийн оргилго - Санжайнамсаг бурхан байрласан, хулгана жилтэн шүтэх од

       Зүг чигээ алдаж төөрсөн хүн шөнө орой цагт долоон бурхан, алтан гадас одоор хойд зүгийг мэдэж болдог. Тэнгэрийн оргилго, тэнгэрийн хас хоёрыг холбон тэнгэрийн оргилын тийш уртасган татвал эдгээр хоёр одны 5 тийм зайнд Алтангадас одтой учирна.  

      Бидний хувьд 7 бурхан одыг шүтэн, сүсэглэн залбирч явах шалтгаан нь монгол ёс заншлаас минь гадна бидний удам угсаатай холбоотой. Бид эхээс долуулаа. Ээж маань эхээс долуулаа. Ээжийн минь ээж бас эхээс долуулаа. Ер нь биднийг 7-гийн удам угсааны 7 дахь үе гэдгийг эмэг эх Бадам маань хэлж, сануулдаг байсан.  Иймээс бидэнд 7-гийн тоо, 7 бурхан од илүү дотно, эрхэм нандин санагддаг юм. 

0 comments:

Post a Comment